ЛАВЛАХ БУЛАН  МАЖ - аас тус болох мэдээлэл, ахуйн зөвлөмж
HomeУрилга, виз | Бичиг баримт | Байр сууц | Ажил хөдөлмөр | Сургууль соёл | Мөнгө, санхүү | Утас, интернэт | Унаа тээвэр | Шуудан илгээмж | Эрүүл мэнд | Дэлгүүр хоршоо | Ахуйн хэрэгцээ | Машин тэрэг | Хүүхэдтэй хүмүүст | Амралт, чөлөөт цаг | Бусад 

Нийт бичлэгийн жагсаалт

< Эрүүл мэнд > Улаан бурхан

2011.04.20
Японы токио хотод улаан бурхан өвчний гаралт 2011 оны 4 сарын 1-ээс 18-ны хооронд жирийн үеийнхээс 4 дахин олон буюу 24 тохиолдол бүртгэгдсэн байна. Улаан бурхан бол 39 хэм хүртэл халуурч биеэр тууралт үүсдэг халдварт өвчин юм.

Улаан бурхан болон бусад төстэй өвчнүүдийн англи, орос, япон нэрийг эндээс харна уу.

Улаан бурхан
eng:Measles
rus:Корь
jap:はしか [麻疹(ましん)]

Цагаан бурхан
eng:Rubella
rus:Краснуха
jap:、三日はしか [風疹(ふうしん)]

Салхин цэцэг
eng:Chickenpox
rus:Ветреная оспа
jap:みずぼうそう [水痘(すいとう)]

Гахайн хавдар
eng:Mumps (epidemic parotitis)
rus:Эпидемический паротит (свинка, заушница)
jap:おたふく風邪 [流行性耳下腺炎(りゅうこうせいじかせんえん)]

< Мөнгө, санхүү > УБ хот дахь орон сууцны үнэ ханш

2010.06.06
TDB_logo

Бид Худалдаа Хөгжлийн Банктай хамтран Японд байгаа монголчууд та бүхэндээ Улаанбаатар хот дахь шинэ болон хуучин орон сууцны үнэ ханшны талаарх мэдээллийг хүргэж байна.

2010 оны 2-р улирлын байдлаар:
Шинэ байрны үнэ ханш
Хуучин байрны үнэ ханш

< Амралт, чөлөөт цаг > Японы зарим тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ

2009.05.12
Японы зарим тэмдэглэлт өдрүүд, арга хэмжээ

1 дүгээр сар
1 сарын 1 - Шинэ оны баяр: Шинэ он угтах баяр Япончуудын хувьд чухал өдөр бөгөөд ихэнх хүмүүс сүмд очиж мөргөл хийнэ. Олон дэлгүүр хоршоо, музей, үзвэр үйлчилгээний газар хаалттай байх тул жуулчдын хувьд гадуур явах боломж муу болдог ч сүмд очиж Япончуудын шинэ оны баярыг хамт тэмдэглэж болно. Шинэ оны эхний өдрүүдэд томоохон дэлгүүрүүд хямдрал зарладаг тул наймаа хийхэд тохиромжтой мөн сонирхолтой байх болно.

1 сарын 3 - Тамасэсэри буюу Бөмбөг барих баяр: Фүкүокагийн Хакозакигү сүмд залуучууд баг болон хуваагдаж арицун дагшин модон бөмбөг барьж авах тэмцээн болдог. Ялсан баг нь тухайн жилдээ олз омогтой байхыг билэгддэг байна.

1 сарын 6 - Дэзомэшики буюу Шинэ оны галт парад: Токиогийн Одайба дүүрэгт үндэсний хувцсаа өмссөн галт унтраагчид төрөл бүрийн акробат, үзүүлбэр үзүүлдэг томоохон жагсаал болдог.
1 сарын 7- Үсокаэ : Фүкүокагийн ойролцоо Дазайфү Тэммангү сүмд модоор хийсэн шувууг хүмүүс бие биедээ дамжуулан өгдөг баяр болдог. Модон шувуу дунд алталдсан шувуу авч таарсан хүн тухайн жилдээ азтай хийморьтой байхыг билэгдэнэ.

1 сарын хоёр дахь Даваа гариг- Насанд хүрэгсдийн баяр: Энэ өдөр үндэсний баярын өдөр бөгөөд 20 нас хүрч байгаа залуусын насанд хүрснийг тэмдэглэдэг баяр юм. Хүмүүс энэ өдөр үндэсний хувцсаа өмсөн сүмд очиж мөргөцгөөдөг.
1 сарын 9-11 - Тока Эбисү Баяр: Оосакагийн Имамия Эбисү сүмд бизнес, ажил үйлсийн бүтэмж амжилтыг ивээх, хүсэн ерөөх баяр болдог. Энэ баярын үеэр өнгө өнгийн гоёмсог кимоно өмссөн эмэгтэйчүүд сүйх тэрэгтэй явцгаах бөгөөд гурван өдөр тасралтгүй баярын жагсаал болдог байна.

1 сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдөр- Амэ Ичи Чихрийн баяр: Мацүмотод уламжлалт чихрийн баяр хийдэг бөгөөд гудамжаар жагсаал явж, хүүхдүүд чихэр зарж хөгжилддөг.

1 сарын хоёр дахь Ням гариг- Өвсний галт наадам- Нарагийн хуучин галт уул байсан Вакакүсаяма ууланд галт наадам хийдэг баяр болдог. 1000 жилийн тэртээ Нарагийн хоёр сүмийн хил хязгаарыг тогтоох маргаан эв зүйгээр шийдвэрлэснийг тэмдэглэж хийдэг энэ баярын үеэр 200 гал асаадаг байна.

1 сарын 15 - Тоши-я: Кёотод Санжүсангэндо сүмд Японы уламжлалт нум сумын тэмцээн болдог бөгөөд Японы аймаг муж бүрээс ирсэн харваачид хүч мэргэнээ сорих том баяр болдог байна.

1 сарын сүүлээс 3 сар гартал - Соүнко Мөсний баяр: Хоккайдод Соүнко Онсенд мөсний баяр болох бөгөөд мөсөн байгууламж, гулгуурын талбай, усан оргилуур зэрэг олон сонирхолтой зүйлс байна.

Хоёрдугаар сар

2 сарын эхний Бямба, Ням гариг- Хясааны баяр: Хирошима, Мацүшима хясаагаараа алдартай бөгөөд 2 дугаар сарын энэ үед хясаа хамгийн амттай гэж үздэг байна. Энэ өдрүүдэд хясааны баяраар хясаагаар хийсэн төрөл бүрийн хоолыг амталж, үнэгүй хясаа авч, идэж болно.

2 сарын 3 ба 4- Сэцүбүн Шош Шидэх Баяр: Японы гол том сүмүүдээр сэцүбүний баяр хийнэ. Дорнын сарны хөдөлгөөнд үндэслэсэн хуанлийн дагуу энэ өдөр өвлийн сүүл өдрүүд бөгөөд хүмүүс шош шидэх уламжлалт баярт оролцог. Шош шидэх нь чөтгөрийг зайлуулж хөөж байгааг билэгддэг бөгөөд “Муу муухай арилж сайн сайхан ирэг” гэж чанга хэлцгээнэ.

2 сарын 3 ба 4- Дэнлүүний баяр: Нарагийн Касүга сүмд 3000 гаруй чулуун болон хүрэл дэнлүү асааж уламжлалт бүжиг бүжиглэн наадах баяр болдог. Шөнө энд тэнд эгнэн гэрэлтэх дэнлүүнүүд очсон хүн бүрийг эртний үед аваачих шиг санагдуулдаг байна.

2 сарын эхээр- Цасны баяр: Саппорогийн Одори өргөн чөлөөнд долоо хоногийн туршид Саппорогийн алдарт цасны баяр болох бөгөөд мөсөөр хийсэн гайхамшигт урлангуудыг үзэж сонирхох боломжтой юм. Дэлхийн олон орны урлан бүтээгчид мөсөн баримлаар өрсөлддөг байна.

Гуравдугаар сар

3 сарын 1-14 -Омизүтори буюу Гал Усны баяр: Нарагийн Тодайжи сүмд лам нар орой галт бамбар болгож асаасан урт гушаар галан тойрог үүсгэж зурж гүйх бөгөөд галын дөл нүгэл хилэнцийг ариутгана гэж үздэг байна. Хамгийн том арга хэмжээ 3 сарын 12-13-нд болно.

3 дугаар сарын 3- Хинамацүри Хүүхэлдэйн баяр: Япон даяар Хүүхэлдэйн баяр хийх бөгөөд энэ нь охидын сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөж хийдэг баяр юм. Олон нийтийн газар төдийгүй айлуудад гэртээ эртний уламжлалт хувцастай хаан, хатан зэрэг хүүхэлдэйнүүдтай тавцанг харж болно. Хүүхэлдэй хүүхдийн муу муухайг зүйлийг өөртөө шингээн авдаг гэж итгэдэг бөгөөд баяр дуусахаар хүүхэлдэйг далайд тавьж урсгах буюу сүмд аваачиж шатаадаг байна.

3 сарын 13- Касүга Мацүри: Нарагийн Касүга сүмийн 1100 гаруй жил үргэлжилж байгаа баяраар уламжлалт хувцас, хөгжим, бүжиг зэрэгтэй танилцах боломжтой.

3 сарын 20 эсвэл 21- Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр: Энэ өдөр улсын хэмжээнд амралтын өдөр юм. Долоо хоногийн туршид хүмүүс Буддын сүм явж талийгаачдын хойноос мөргөл залбирал үйлддэг байна.

3-5 сар-Сакүра Мацүри: Сакүра 3 дугаар сарын сүүлээс Кюүшү, Шикокүгээс эхлэн 4 дүгээр сард Хоншү, 5 сарын эхээр Хоккайдод цэцэглэж эхэлдэг бөгөөд энэ үеэр сакүра мацүри газар бүр болж, хүмүүс сакүра модны цэцгэн дор баярлалдаж хөгжилддөг.

Дөрөвдүгээр сар

4 сарын эхний Ням гариг- Канамара Мацүри: Кавасакигийн Канаяама сүмд эрэгтэй хүний бэлгэ эрхтэнг тахих ёслол, баяр болдог байна.

4 сарын 8- Бурхан багшийн төрсөн өдөр буюу Хана Мацүри- Япон даяар энэ өдөр цэцгийн баяр хийх бөгөөд Буддын сүмд ёслол болно.

4 сарын хоёроос гуравдахь Ням гариг- Камакүра Мацүри- Камакүрагийн Цүрүгаока Хачимангү сүмд 1192 онд Камакураг байгуулсан Минамото Ёритомо болон бусад баатруудын гавъяаг дурсан тэмдэглэх баяр юм. Энэ үеэр сүмийн баярт жагсаал болж, морьтой харваачид нум сум харвах үзүүлбэр хийж, уламжлалт шашны бүжиг бүжиглэдэг.

4 сарын 14-15- Такаяама Хаврын Баяр: 15 дугаар зуунаас эхлэлтэй энэ баяраар задгай тэвштэй тэргүүд гудамжаар парад болон жагсаж явах бөгөөд хөгжим дуу хангинасан үзүүштэй баярын нэг юм.

4 сарын 16 ба 11 сарын 15- Гүмонжи-до Галын баяр: Мияжимад Дайшоин сүмд галын цучилтай халуун нүүрсэн дээгүүр алхдаг баяр болдог бөгөөд үүгээр өвчин, гай гамшгийг зайлуулж байна гэж үздэг байна.

4 сарын 16 ба 17- Яёи Баяр: Никкогийн Фүтарасан сүмд хиймэл сакүрагийн цэцэг, цаасан дэнлүүгээр гоёсон морин тэргүүдийн жагсаал болдог.

4 сарын 29-5 сарын 5:Алтан долоо хоног буюу Япон даяар амралтын долоо хоног үргэлжлэх бөгөөд гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо эрс ихсдэг үе.

5 дугаар сар

5 сарын 3 ба 4-Хаката Донтакү: Фүкүокад хүмүүс морь унацгаан уламжлалт хөгжмийн зэмсэг даран, цан дамар, цоор дуугарган парад болон явцгаана.

5 сарын 5-Хүүхдийн өдөр: Бүх хүүхдүүд ялангуяа хөвгүүдийн баяр юм. Энд тэндгүй хөвгүүдийн хүч чадал хийморийг билэгдсэн өнгө өнгийн загасан туг хийсгэсэн байхыг харж болно.

5 сарын 11-12- Такиги Ноо Үзүүлбэр: Нарагийн Кофүкүжи сүмд Ноо буюу Японы уламжлалт ший тоглож үзүүлдэг баяр болно.

5 сарын 15- Токиогийн Канда Мёожин сүмд уламжлалт баярын парад жагсах бөгөөд цайны ёслол болдог байна. Сондгой тоотой онд энэ баяр хийдэг.

5 сарын 15-Аой Мацүри: Кёотогийн Шимогамо болон Камигамо сүмд болдог томоохон баяр наадмын нэг юм.

5 сарын дунд үе- Кобэгийн Мацүри: Кобэд баярын жагсаал хийж, салют буудуулж тэмдэглэдэг баяр наадам болдог.

5 сарын 17-18-Тошогү сүмын Баяр: Токүгава Иэясүгийн бунханг Никкод 1617 онд аваачиж залсан өдрийг тэмдэглэн энэ баярыг хийдэг бөгөөд гудамжаархуяглаж зэвсэглэсэн 1000 гаруй хүмүүс жагсаж нэгэн хэлбэрийн жүжигт үзүүлбэр хийдэг байна.

5 сарын 18-Санжа Мацүри: Токиогийн Асакүсагийн сүмд болдог шашны томоохон баярын нэг бөгөөд 5 сарын 18-ны Баасан, Бямба, Ням гаригт болдог байна.

5 сарын гурав дахь Ням гариг-Мифүнэ Мацүри: Кёотогийн гадна Ои голд Арашиямад Хэйаны үед хааны гэр бүл тэр голоор зугаалж байсныг тэмдэглэн энэ баярыг хийдэг байна.

Зургадугаар сар

6 сарын 1,2- Такиги Ноо Үзүүлбэр: Киотогийн Хэиан сүмд Ноо буюу Японы уламжлалт ший үзүүлбэр болно.

6 сарын 8-14- Хякүмангокү Мацүри: Каназавад болдог том баярын нэг бөгөөд гудамжаар уламжлалт ардын бүжиг дуу дуулан бүжиглэж цаасан дэнлүүтэй тэрэг голд тавьж, цайны ёслол, гэйшагийн үзүүлбэр, арслангийн бүжиг болон шатан акробат зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно.

6 сарын 10-16- Санно Баяр: Токиогийн Хиэ сүмээс Акасака дүүргийн гудамжаар шашны уламжлалт баярт жагсаал болно.

6 сарын 14- Будааны баяр: Оосакагийн Сүмиёоши сүмд ургац арвин байхыг ерөөж, залуу охид тариачны уламжлат хувцас өмсөн сүмийн будааны талбайд дуу хөгжмийн аялгуунд будаа тарих ёслол хийнэ.

6 сараас 9 сар- Үкай: Нагояагийн ойролцоо Инүяамад Кисо гол, Гифүгийн ойролцоох Нагара гол болон Киотогийн Ой голд жижиг модон завь, саланд суун үкай буюу уламжлалт аргаар загас барихыг харна.

Долоодугаар сар

7 сарын 1-Үэки Ичи: Токиогийн Фүжи Сэнгэн сүмд Фүжи ууланд авирах улирал эхэлснийг тэмдэглэн цэцэгс, таримал ургамал модны үзэсгэлэн яармаг болно.

7 сарын 1-15-Хаката Ямагаса: Фүкүокад гудамжаар чимэглэл дүүрэн модон тэргүүд гудамжаар жагсаж, дуу хөгжим хангинасан баяр наадам болно.

7 дугаар сарын 7- Танабата буюу Одны баяр: Орихимэ болон Хикобоши гэх дурлалт хоёр од жилийн зөвхөн энэ өдөр л уулзах боломжтой байдаг тухай домгийг үндэслэн тэмдэглэдэг баяр юм. Нутаг нутгаас хамаарч энэ баярыг өөр өөрийн онцлогтой тэмдэглэдэг ч нийтлэг зүйл нь өнгө өнгийн цаасан дээр хүслээ бичсэн хүүхдүүдийн цаасыг өлгөсөн хулс мод хаа сайгүй байна.

7 сарын 9 ба 10-Хозүки Ичи: Токиогийн Асакүсад Сэнсожи сүмд хозүки цэцгийн үзэсгэлэн худалдаа болох бөгөөд гудамж талбай өнгөлөг үзэсгэлэнтэй байх болно.

7 сарын 15-Ямакаса: Фүкүокад богино өмд, кимоно маягийн өмсгөл өмссөн долоо баг 1 тонны сүм тэрэг нуруун дээрээ үүрч уралддаг баяр юм.

7 сарын 16, 17-Гион Мацүри Хотод нүүрлэсэн тахлыг дарахыг бурханаас гуйж Ясака сүмийн хамба лам анх 9 дүгээр зуунд тэмдэглэснээс эхлэлтэй энэ баярКёотод болох энэ баяр Японы хамгийн алдартай баярын нэг. Баяр сарын туршид болдог ч оргил өдөр нь 17-ны өдөр болно. Олон хүмүүс энэ өдрийг тохиолдуулан Кёото явах аялалаа товлодог.

7 сарын гуравдахь Даваа гариг: Далай тэнгисийн баярын өдөр- Тэнгисийн албанд зүтгэдэг, далай тэнгистэй холбоотой ажил хийдэг хүмүүст зориулж, Японд тэнгис далай хэчнээн чухлыг тэмдэглэж энэ баярыг хийдэг.

7 сарын 20- Кобэгийн Зуны Баяр: Кобэд үндэсний болон олон улсын самба бүжгийн баг Санномия болон Мотомачигаар парад бүжиг хийнэ. Үүний дараа орой нь салют буудаж тэмдэглэнэ.

Обоны Баяр: Энэ өдөр Буддын шашны дагуу талийгаачдын сүнс энэ дэлхийг эргэж тойрдог гэж үздэг бөгөөд олон Япончууд гэр бүлийн нас барсан гишүүдийн булшийг эргэж тойрдог. Японы нутаг нутгаас хамаарч долоодугаар болон наймдугаар сарын дунд үе байна.

7 сарын 24, 25- Тэнжин Мацүри- Оосакад Тэмманги сүмд болох энэ баяр анх 10 дугаар зуунд Оосакагийн хүмүүс Тэммангү сүмд элдэв өвчнөөс хамгаалахыг гуйж очсон өдрөөс эхлэлтэй. Урьд нь хүмүүс хүний хэлбэртэй цаас хайчилж ёслол үйлдэж завиар гол руу урсгадаг байжээ. Одоо тусгайлан бэлдсэн 100 гаруй завь голоор урсан явж бөгөөд салют буудаж тэмдэглэдэг байна. Үндэсний хувцас өмссөн 3000 гаруй хүмүүс парад жагсаал хийцгээдэг байна.

7 сарын сүүл- Мацүри Миязаки Баяр: Миязакигийн хотын захиргааны дэргэдэх голд болдог баяр бөгөөд 300 мянга гаруй хүмүүс үзүүлбэр жагсаал хийж, хоол унд, эд зүйлс худалдаалах зэрэг өргөн хэмжээний баяр болно.

7 сарын сүүл, 8 сарын эхэн-Кангэнсай Хөгжмийн наадам: Мияжимагийн Ицүкүшима сүмд үндэсний сонгодог хөгжим болон Бүкаги бүжиг хийх бөгөөд хөгжимчидтэй завь голоор явна. Сарны хуанлийг харж өдрөө тогтоодог тул жил бүр өөр өөр өдөр болно.

7 сарын сүүлийн Бямба гариг- Ханаби Тайкай: Токиогийн хамгийн том салютын баяр бөгөөд Асакүсагийн Сүмида голын эргээр олон хүмүүс энэ үзүүлбэрийг үзэх гэж цугларна.

Наймдугаар сар

8 сарын нэгдэх Баасан, Бямба гариг- Оширо Мацүри: Химэжид Ноо буюу Японы уламжлалт ший үзүүлбэр болох бөгөөд галын наадам хийхээс гадна хүмүүс хаад ноёдын хувцас өмсөж парад болон алхалдаг.

8 сарын 6- Энх Тайвны Баяр: Хирошимад Энх Тайвны Дурсгалын Цэцэрлэгт хүрээлэнд 1945 оны атомын бөмбөгт амь алдсан, хохирсон хүмүүсийн дурсгалд зориулж Ота голоор гэрэлт дэнлүү асаана. Төстэй баяр Нагасакид 8 сарын 9-нд болно.

8 сарын 11-13- Танабата Баяр: Сэндайд Одны баяр бусад нутгийг бодоход нэг сарын хойно болдог. Улсын хамгийн том баярын нэг юм.

8 сарын 11-13- Мацүяама Баяр: Мацүямад хөгжим бүжиг болж, дуу хуур хангинаж, салют буудан, парад үзүүлбэр хийдэг баяр болно.
8 сарын 12-14- Такамацү Баяр: Такамацүд 6000 гаруй хүн Чүо Дори өргөн чөлөөгөөр бүжиглэцгээх бөгөөд хүссэн хүн хамт нэгдэж бүжиглэж болно.

8 сарын 15-Торонагаши Салютын үзүүлбэр: Мацүшимад дэнлүүтэй 5000 жижиг завийг нас барагсдын сүнсийг тайтгаруулах гэж урсгадаг байна. Энэ үеэр салют буудна.

8 сарын 15-16-Ямага Дэнлүүний Баяр: Күмомотод бүсгүйчүүд зуны кимоно өмсөж, толгой дээрээ дэнлүүтэй бүжиглэдэг баяр болно.

8 сарын дунд- Даймонжи Галт наадам: Кёотогийн Нёоигадакэ ууланд Дай хэмээх ханзын хэлбэртэй үсгийг бичиж гал асаана. Энэ нь Обоны баярын үеэр болно.

Есдүгээр сар

9 сарын 16-Ябүсамэ: Камакүрагийн Цүрүгаока Хачиманги сүмд самүрайгийн үеийг дурсан тэмдэглэж морьтон харваачдын үзүүлбэр болно.

Аравдугаар сар

10 дугаар сарын 7-9, Окүнчи Баяр: Нагасакигийн Сүвагийн сүмд болох энэ баяраар сүмийн уламжлалт баярын жагсаал болж, луугийн бүжгийн үзүүлбэр хийнэ.

10 Сарын дунд -Маримо Мацүри: Хоккайдогийн Акан гол болон түүний хөвөөгөөр болдог энэ баяр Айнү хүмүүсийн хийж эхэлсэн баяр наадам бөгөөд Акан голд ургах маримо гэх ургамлыг хамгаалж тэмдэглэдэг баяр юм.

10 сарын 9-10-Такаяама Мацүри: Такаяамгийн гудамжаар сүмийн ёслолт жагсаал явна.

10 сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүд: Нагоягийн Баяр: Токүгава Иэясү, Тоёотоми Хидэёоши, Ода Нобунага хэмээх түүхэнд том гавъяа мөр үлдээсэн гурван баатарын дурсгалыг хүндэтгэж баярын том жагсаал болно.

10 сарын 14-19-Нада Кэна Мацүри: Химэжигийн Мацүбара сүмд залуус хүнд бэрхийг туулах чадвараа үзүүлэх зорилгоор сүмийн тахилгыг нуруун дээрээ үүрэн жагсана.

10 сарын 14-19- Добүрокүгийн Мацүри: Ширакавагогийн Огимачид бурханд хүмүүс добүрокү буюу бүрэн боловсроогүй архи бурханд өргөл барих баяр юм. Идээ будаа элбэг дэлбэг хөгжилдөн цэнгэлдэх баяр наадам болно.

10 сарын 17-Никкогийн Тошогү сүмийн баяр: Никкогийн энэ баярт 17 дугаар зууны эхэн үеийн дайтагч нарын жагсаал болно. Эртний үед очсон мэт сэтгэгдэл төрөхөөр харваачид, дайчид, Шинтогийн лам нар, хөгжимчид, бүжигчид жагсаж явна.

10 сарын 22-Жидай Мацүри: Кёотод 1894 оноос эхэлж тэмдэглэж байгаа энэ баяраар хотын 794 онд байгуулсныг тэмдэглэн баярладаг баяр юм. 2000 гаруй хүн үе үеийн хувцас эдлэлийг өмсөж зүүсэн хүмүүс Хааны ордноос Хэиан сүм хүртэл жагсаж алхана.

Арваннэгдүгээр сар

11 сарын 2, 3- Охара Мацүри: Кагошимад 15000 гаруй хүн зуны кимоно өмсөж ардын дуунд үндэсний бүжгээ бүжин жагсана. Хэдэн зуун мянган хүн энэ баярыг үзэхээр явдаг байна.

11 сарын 3- Даймёо Гёорэцү: Хаконэд Кёото ба Токиог холбодог Токайдо хуучин замаар эртний өдрүүдийг санагдуулах ноёд хаад хатдын хувцастай хүмүүс жагсан алхална.

11 сарын 15- Шичижи-го-сан Хүүхдүүд сүмд мөргөл хийх өдөр: Япон даяар энэ өдөр долоо, тав, гурав настай хүүхдүүд хамгийн ганган кимоног өмсөж сүм очиж мөргөл хийдэг. Токиод Асакүса, Канда Мёожин, Мэйжи сүмд кимоно өмсөж гангалсан хүүхдүүдийг харж болно.

11 сарын дунд үе-Тори-но-Ичи: Токиод Отори сүмд 11 сард тахиа өдөр ургац сайн байхыг хүсэн тэмдэглэдэг баяр болдог бөгөөд гудамжаар ургац арвин, олз омогтой, азтай байхыг билэгдсэн зүйлсийн үзэсгэлэн яармаг болно.

Арванхоёрдугаар сар

12 сарын 14- Гиши-сай: Токиогийн Сэнгакүжи буудалд домогт 47 самүрайгийн дурсгалд зориулан 47 эр самурайн хувцастай Сэнгакүжи сүм хүртэл жагсаж алхдаг баяр юм.

12 сарын дунд үе- Он Мацүри: Нарагийн Касүга сшмд хүмүүс эртний үндэсний хувцасаа өмсөн жагсаж алхдаг баяр наадам болно.

12 сарын 17-19-Хагоита Ичи: Токиогийн Сэнсожи сүмд төрөл бүрийн хэлбэр өнгөтэй дэвүүр буюу хагоитагийн баяр болно.

12 сарын 31- 12 дугаар сарын 31-ны шөнө ихэнх Япончууд сүмд очиж мөргөж, шинэ оноо угтдаг уламжлалтай. Шөнө дунд сүмүүд хуучин оныг үдэж шинэ оныг угтаж байгааг тэмдэглэж хонхоо 108 удаа дуугарана. Энэ үеэр сүмд очвол шинэ оныг өвөрмөц байдлаар угтах боломжтой.

< Байр сууц > Японд байрлах буудал

2009.05.07
Японд богино хугацаагаар ирсэн болон Японд аялж байгаа хүмүүст орон байрны асуудал тулгардаг. Японд ирвэл ямар байранд байрлаж болох вэ?

Зочид буудал

Зочид буудлууд зэрэглэлээс хамаарч үнэ нь ялгаатай байх бөгөөд дунджаар 6000-20000 иэний үнэтэй байна. Үнэ хямд байх тусам өглөөний хоол ороогүй байна. Зочид буудлыг ирэхээсээ эртхэн, хэдэн долоо хоногийн өмнө захиалах нь зүйтэй юм.
Аялал жуулчлалын компаниар дамжуулж зочид буудал захиалахад хямд буудлууд олдох боломжтой. Энэ тохиолдолд үнэжирийн үнээс хямд байх талтай.. Японд бизнес зочид буудал хамгийн хямдад орох бөгөөд дунджаар 5600-9000 иэний үнэтэй байна.

http://www.japanhotel.net/

Рёокан
Японы уламжлалт загварын өрөө, хоолтой буучийн газар бөгөөд дунджаар 6000-30000 иэний үнэтэй байдаг. Үнэтэй байх тусам хоол нь амттай, өрөө тухлаг, халуун рашаантай байдаг.

Миншүкү
Миншүкү нь унтаад өглөөний хоол идээд гарах зориулалттай Япон маягийн буудал бөгөөд ихэнхдээ Япон гэр бүл ажиллуулдаг. Хүний 4000-10000 иэний төлбөртэй байна.
http://www.minshuku.jp/english/list.html

Пэнсион Мүра
Пэнсион Мүра нь Миншүкүтэй төстэй ч ялгаа нь Европ маягийн өрөө байна. Дунджаар үнэ 4000 иэнээс 12000 иэн хүртэл байна.

Дотуур байр
Токио, Оосака, Кёото зэрэг том хотуудад хуучны байруудад дотуур байр ажилуулдаг газар бий. Хүний 1500-3000 иэн байна. Ихэнхдээ зөвхөн эмэгтэй хүмүүсийг байрлуулна гэсэн хязгаарлалтай байх нь бий.
http://www.sakura-house.com/english/vacancy_d.php

Хостел
Японд Олон улсын Залуусын Хостелын холбоо 300 гаруй хостел ажиллуулдаг. Хостел нь нийтээрээ нэг өрөөнд байрлаж хонодог газар бөгөөд үнийн хувьд 2500-4000 иэн байна.

http://www.hostelbookers.com/hostels/japan/
http://www.jyh.or.jp/english/index.html
http://j-hoppers.com/e_g_links.html#lodging
http://www.toho.net/

Капсул буудал

Ихэнхдээ эрчүүдэд зориулсан, хоног төөрүүлэх дан ор бүхий буудал юм. Бусад буудлыг бодоход өрөө байхгүй, ганц ор байх юм. Банн,нийтийн бие засах газартай бөгөөд үнийн хувьд 3000-4000 иэн байна.

http://gojapan.about.com/cs/accommodation/a/tokyocapsule1.htm

Дурлалын буудал буюу Love Hotel
Дурлалын буудал нь хосуудад зориулсан хоног өнгөрөөх газар юм. Дунджаар 6000-12000 иэн байна. Дурлалын буудал гэсэн бичиг гаднаа шууд байхгүй ч гадна талаас хараад ялгаж таних боломжтой. Голдуу гэрэлтүүлэг ихтэй, ягаан цэнхэр зэрэг өнгөтэй ганган чамин эсхүл бүр гэрэлгүй, цөөн давхар, бөглүү газар орших буудлууд байна.

Сүм хийд
Зарим буддын сүмд хоног өнгөрөөж болдог. Сүмд хоног өнгөрөөх нь нэг талаас сонирхолтой байх болно. Нэг хүний 3,000- 10,000 иэн байна.
http://www.shukubo.jp/eng/index.html
http://syukubo.com/spot/01syukubo.html
http://templelodging.com/

Долоо хоногийн ба сарын байр

Долоо хоног, сарын хугацаатай хөлсөлж болдог байрууд байх бөгөөд дунджаар долоо хоногийн 40000 иэн байна. Олуулаа ирж байгаа тохиолдолд ийм байр нь зочид буудалд байснаас илүү дээр байх талтай.

Хамтран хөлслөх байр
Богино хугацаагаар байгаа гадаад хүмүүст зориулж ажиллуулдаг гэстхаусууд байх бөгөөд ихэнхдээ гадаад хүмүүс хамтран хөлсөлж амьдардаг. Чимээ шуугиан ихтэй хөл хөдөлгөөнтэй ч олон найзтай болох боломжтой. Үнэ дунджаар сард 40000-90000 иэн байна.
Зарим байрыг танилцуулбал:
http://www.tokyo-accommodations.com
http://www.shrek-watta-house.com/
http://www.cozyhouse.net/cozyhouse.html
http://www.tokyohappyhouse.com/
http://www.sakura-house.com/
http://korya40.hp.infoseek.co.jp/nishifunabashi_guesthouse2_en.html

< Байр сууц > Байр хайхтай холбоотой зарим мэдээлэл

2009.05.07
Японд байр татами буюу сүрлэн дэвсгэртэй, модон шалтай байх нь түгээмэл. Цаанаасаа дэвсгэртэй байр ч бий.
Байр хайхад байрны хэмжээг тодорхойлсон LDK гэсэн товчилсон үгийг их хэрэглэнэ. Энэ нь Living, Dining and Kitchen буюу Унтлагын, Зоогийн болон Гал тогооны хэсэг гэсэн утгыг илэрхийлнэ. Байрны зард байдаг зарим томьёололыг тайлбарлавал:
~R = гал зуух, өрөө хоёр хамтдаа буюу тусгаарлагдаагүй
1K = гал тогооны хэсэг бүхий нэг өрөө байр
1DK = гал тогоо болон зоогийн хэсэг бүхий нэг өрөө байр
1LDK = унтлагын, зоогийн болон гал тогооны хэсэг бүхий нэг өрөө байр

Ганц бие хүнд нэг өрөө байр хангалттай бөгөөд дунджаар өрөөний талбай 18-24 метр квадрат байна. Японы хэмжээгээр 6 жо (6 татами)- гоос 8 жо (8 татами) байна. Гэр бүлээрээ амьдарч байгаа бол 2LDK байр байхад хангалттай байх болно. 2LDK гэхэд гал тогооны хэсэгт хооллох боломжтой бөгөөд хоёр унтлагын өрөөтэй буюу нийтдээ 3 өрөө гэж ойлгож болно.

Японд байрны дараах төрөл байна:
Aпаато (アパート): Апаато нь модон байшин бөгөөд дутагдалтай тал ньдуу чимээ, халуун, чийгний хамгаалалт муу байдаг. Гэхдээ апаато ихэнхдээ хямд байдаг.
Маншён (マンション):: Маншён бол Монголын орон сууцны байруудтай төстэй, цемент, төмөр угсралттай байр юм. Маншён апаатог бодоход харьцангүй үнэтэй байх талтай.
Иккодатэ (一戸建て) - тусдаа байшин бөгөөд олуулаа нийлж хөлсөлж амьдарч болох байшин юм.

Байр хөлслөхөд дараах төлбөр шаардлагатай болно:

* Хөлслөх төлбөр (ячин)
Байрны хөлсийг сар бүр ихэнхдээ банкаар дамжуулж хийнэ.
* Хэрэглээний зардал
Цахилгаан, ус, газны үнэ байрны хөлсөнд ордоггүй тул тусад нь төлнө. Гэхдээ зарим байрууд усны үнийг тогтмол үнээр бодож авдаг.
* Засвар үйлчилгээний төлбөр共益(кёоэкихи)
Зарим байр хөлслөхөд байрны хөлсөнд дээр засвар үйлчилгээний хөлс тусад нь нэмж авдаг.
* Даатгал
Зарим байр хөлслөгчид байрыг даатгуулахыг шаардаж болно.
* Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хөлс: Байраа үл хөдлөх хөрөнгийн газраар дамжулж олсон бол хөлсөнд нь байрны түрээсийн нэг сарын төлбөр эсвэл 0.5 хувиар бодож өгөх тохиолдол бий.
* Дэнчин буюу шикикин (敷金) - байр хөлслөгчөөс хамаарч байрны түрээсийн 1-3 сарын төлбөрийн эхмжээгээр дэнчин төлж болно. Байрнаас гарахад хөлслөх үед байранд гэмтэл, эвдрэл гаргасан бол түүнийг дэнчигийн мөнгөнөөс суутгана. Хэрэв байр цэвэрхэн гэмтэлгүй бол дэнчинг буцааж өгөх журамтай. Ихэнх тохиолдолд уг мөнгөний нэлээн хэдэн хувийг байр хөлслөгч суутгадаг. Огт үндэслэлгүй суутгаж байна гэж үзвэл зуучлагчид энэ асуудлыг гаргаж болно.
* Талархалын мөнгө буюу рэйкин (礼金) -Байр хөлслөхийг зөвшөөрсөнд талархаж байр хөлслөгчид өгөх талархалын мөнгө бөгөөд ихэнхдээ байрны төлбөрийн 1-3 сарын төлбөртэй тэнцэхнь бий.
* Батлан даагчийн мөнгө буюу хошокин (保証金) - tгэрээний төлбөрөөс хамаарч батлан даагчийн мөнгийг төлөх тохиолдол бий.
* Цоож солих буюу 鍵交換代 кагикоокандан: Ихэнхдээ 10000 иэн байх бөгөөд байранд нүүж орохоос өмнө цоож солино.
* Цэвэрлэгээний төлбөр クリーニング代 күриинингү дай: Байр рүү нүүж орохоос өмнө цэвэрлэгээ хийлгэх бол ийм төлбөр авах нь бий.

Байр хөлслөхөд эдгээр төлбөрийг багасгах талаар байр хөлслөгч эсхүл үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай ярилцаж болно. Рэйкин болон шикикинийг багасгах боломж байдаг тул юуны өмнө төлбөрийн тал дээр харилцан тохиролцохыг оролдох нь дээр. Рэйкин болон шикикин нэхэхгүй байрууд одоо их байгаа тул ийм байрнаас сонголт хийсэн ч болно.

Байр хайхад дараах зүйлийг анхаарч байраа сонгохыг зөвлөж байна.
*Байрны байршил - Байр метро болон автобусны буудлаас ихэр хол, таны ажил болон сургуулиас хэр зайтай, дэлгүүр хоршоо хэр ойр зэргийг харна. Мөн нар хэр тусдаг, дуу чимээ хэр байх, ойролцоо дуу ихтэй шуугиантай газар байгаа эсэх зэргийг нягтална. Нэг давхарын байр ихэнх тохиолдолд чийгтэй, өвөлдөө хүйтэн, зундаа хорхой шавьж их орж ирэх гээд асуудал бишгүй гардаг тул аль болох хоёроос дээш давхарт байр авахыг эрмэлзэх нь зүгээр.
*Төлбөр - Тухайн байрны төлбөр таны түрийвчний хэмжээ хоёр хэр нийцэж байгааг нягтална.
* Байрны ашиглалтад байгаа хугацаа - Таны амьдарч байгаа байр хэр удаан байгаа, газар хөдлөлтөөс хамгаалагдсан эсэх, асбестос зэрэг хорт бодис байхгүй эсэх зэргийг нягтална. Хуучин байр байх тусам арчилгаа шаарддаг.
* Байрны дотор зүйлс: Байранд хувцасны шүүгээ байгаа эсэх, хэр зайтай, банн болон жорлон хэвийн ажиллаж байгаа эсэх зэргийг шалгана. Агааржуулагчийг асаажхэдэн минут болох нь зүгээр. Зарим агааржуулагч ажиллаж байгаад доголдох тохиолдол бий. Мөн шүршүүр болон жорлонгийн усыг хэд хэд татаж үзэж шалгана.
*Хөрш. Хүн байраа сонгож чадахаас хөршөө сонгодоггүй гэдэг үг байдаг. Байраа шалгах явцад байранд байгаа хөршүүдийн талаар асууж лавлаж, хэрэв хөрштэй ямар нэг маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх талаар байр хөлслөгчтэй зөвлөлдөх нь зүгээр.
* Байранд орохоос өмнө байраа сайтар шалгаж, боломжтойбол зургийг авах, эд зүйлсийн жагсаалт гаргаж тэмдэглэл үйлдэж харилцан гарын үсэг зурж баталгаажуулж болно.

Байр хайхад хэрэг болох үгс:
* バス・トイレ別 - банны өрөө болон жорлон тусдаа
* 2階以上 - энэ өрөө хоёр болон түүнээс дээш давхарт байна
* エアコン - агааржуулагч
* 室内洗濯機置場 - угаалгын машин тавих зайтай
* ペット相談 - гэрийн тэжээмэл амьтан байрлуулахад өвлөлдөх
* 駐車場あり - машин тавих газартай
* 南向き - өмнө зүг рүү харсан тул нарны гэрэл тусна
* 2人入居可 -гэр бүлийн хүмүүст зориулсан
* 築年数 - ашиглалтандбайгаа хугацаа

Нийтийн байрны тухай:
Зарим муж, хот Нийтийн байрны сугалаа явуулдаг. Нийтийн байр харьцангуй хямд байна. Өрөөний хэмжээ байрлалаас хамаарч 15000-100000 иэн байх нь бий. Нийтийн байрыг орлогын байдлаас хамаарч тодорхой тооны хүмүүст олгодог. Гэр бүлтэй гадаад оюутнуудын хувьд ийм байранд орох боломж бий.
Нийтийн байрны тухай мэдээллийг холбогдох дүүргээс асууж лавлаж мэднэ.

Байр хайх зарим вебсайт:

http://www.chintai.net/
http://www.apamanshop.com
http://www.apamanguide.jp
http://search.minimini.jp
http://www.eheya.net
Template by まるぼろらいと

Copyright ©ЛАВЛАХ БУЛАН   All Rights Reserved.